Хүүхдэдээ нэр сонгоход анхаарах асуудлууд
Хүний амьдралыг насан туршид нь дагаж явах, дуудуулах нэр гэдэг ихээхэн нандин. Эцэг эхчүүд хүүхдэдээ нэр өгөхдөө хөнгөн хийсвэр, сэтгэлийн хөөрлөөр, бусдыг даган дуурайх хандлагатайгаар хандаж яавч болохгүй юм. Аавуудын тоог нэгээр нэмсний хувьд шинэ төрсөн хүүхдэдээ нэр хайрлахдаа дараах зүйлийг ажигласнаа та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Миний үеийн залуус, бидний эцэг эх, эмээ өвөө нарын нэр ихэвчлэн буддын шашны нөлөөгөөр төв Азид орж ирсэн Төвд нэрс байдаг. Харин одоо жинхэнэ Монгол нэр сонгож өгөхийг залуучууд эрмэлздэг болжээ. Иймдээ ч орчин үед хүүхдэдээ өгөх болсон нэрд дараах гурван шаардлага тавигдаж байна гэж хэлж болохоор байна.
1. Товч
2. Ховор буюу өвөрмөц
Утга төгөлдөр
Товч байхын тухайд монгол хүн дэлхийн хүн байх ёстой гэдэг хандлага эцэг эхчүүдийн дунд бий болжээ. Бас сүүлийн үед англи юм уу латинаар бичиж дуудахад эвтэйхэн байхыг эрэлхийлдэг болсон шиг ээ. Хүүхдийн нэр урт байх тусам бүтэн дуудагдахгүйгээс авхуулаад банкны кредит карт, аливаа мэдээллийн санд бүтэн багтахгүй байх зэрэг асуудлууд дагуулна.
Барууны оронд хүний овог /Монголд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) гуншныг оролцуулаад нийт 20 тэмдэгтэд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем, цахимжсан барууны банк, татварын газар, нийгмийн халамжийн төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд монголчууд багагүй бэрхшээл амсдаг билээ. Эцгийн нэр болон өөрийн нэрийн аль нэг нь урт тохиолдолд /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншин кредит картын нүүрэн дээр бичигдэж багтахгүйгээс гадна өөрийн нэрний зөвхөн эхний үсгээ тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдолд хүчинтэй бичиг баримтад тооцуулахад төвөгтэй байдаг. Эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүнд урьдчилан сэргийлэхэд бэрх, элдэв асуудал үүсгэж болзошгүй билээ. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэр бичигддэгээс болж зарим банк чекийг бэлэн мөнгө болгохоос татгалзах талтай.
Залгаа нэрс /Энх-Од=Enkh-Od “-” dash-г зарим программ таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон хоёроос дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, чернил), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлаас салдаггүй олон хүн бий. Саяхны нэг жишээ дурдахад жүдо бөхийн дэлхийн аваргаар Дундад Азийн зарим нэг орны тамирчдын нэр дээр өгүүлсэн MuNKHLKHagva гэдэг шиг нэг доор хэт олон гийгүүлэгч давхардсан байхыг унших гаднынханд үнэхээр төвөгтэй болох нь анзаарагдсан. Энэ бүх тохиолдлыг олон талаас нь бодолцох хэрэгтэй болов уу.
Миний сонгосон нэрийн тухайд Монгол хэлний тайлбар тольд байсангүй. (Ийм тохиолдол цөөнгүй гардаг юм билээ) Түүхэн талаасаа ч тэр, одоо хуулийн байгууллагад хэрэглэгдэж байгаа нэр хэдий ч тайлбар тольд ороогүй үг. Иймээс хэл шинжлэлийн мэргэжлийн танилдаа хандах хэрэг гарсан. Утгыг нь сайн тайлбарлуулаад харин ч нэг сэтгэл ханасан даа. Ялангуяа хоёр монгол үгийн язгуурыг нийлүүлж нэг үг бүтээх гэж байгаа бол зохицол, утга төгөлдөр байх талаас нь хэл шинжлэлийн эрдэмтдээс асуухад буруугүй юм билээ.
Мөн буддын шашинд хүний нэрийг бүтэн дуудахад буян заяа нь тэгширдэг гэдэг ойлголт бий.
Ховор байхын тухайд бол түгээмэл хэрэглэгддэг нэрсээс татгалзах нь зөв гэж боддог. Миний хувьд шинэ хүндээ Монголд ганцхан байх тэр нэрийг өгөхөөр шийдээд байлаа. Танд таалагдаж буй нэр байвал тухайн нэрээ Монголд хэчнээн байгааг шүүж олох амархан бөгөөд Статистикийн үндэсний хорооны сайтаас харах боломжтой юм. Ганцхан “Google” байхад л хангалттай. Харин цор ганц байх тухайн нэр нь олон жилийн дараа хэчнээн болж хувирахыг таашгүй юм. Хэдий өнөөдөр ганц байгаа ч гэлээ Монголчуудын даган дуурайх сэтгэлгээгээр хожмын нэг өдөр тухайн нэр хэчнээн олон болсныг Статистикийн үндэсний хорооноос мэдэх боломж байгаа юм. Тухайлбал, Төрийн шагналт, дуучин Д.Болдын хүүхдэдээ сонгосон Эзлэн гэдэг нэр 2012–2018 оны дотор цор ганцаас 60 болтлоо нэмэгдсэн байна. Гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хүүхдэдээ өгсөн Юм-Агь гэдэг нэр 2010–2018 онд 1–39 болжээ.
Монголд байх хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ бөгөөд 15259 Бат-Эрдэнээс овгоороо ч ялгагдахгүй хэчнээн зуун Бат-Эрдэнэ бий гээч.
Өвөрмөц байхын тухайд таны л мэдлийн асуудал. Буддын шашны номтой, домтой нэр өгөх, аль нэг ламаар нэр хайрлуулах, будаанд хийж шигших, өөрөө сонгох, хэн нэгнээр өгүүлэх зэрэг олон сонголтоос шийдэх болно.
Нийтлэг нэртэй буюу эрчүүд нь Сандагдорж, эмэгтэйчүүд нь Рэнцэнханд гэдэг нэртэй Монголын нэгэн сумаар явж билээ. Тэр сумынхан нэгэн ламаас хүүхдэдээ нэр асуудаг байж. Ийн мөнөөх хүүхдүүд өсөж өндийхөд дунд сургуулийн нэг ангид 3–5 Сандагдорж, мөн тооны Рэнцэнханд тохой залган суусан байдаг.
Будаанд шигшихийн тухайд бол би хувьдаа татгалзсан. Тийм эгзэгтэй, азад найдсан мөчүүд олон бүү тохиог. Төрөхөд нэрийг нь азад найдаж өгнө, цэцэрлэгт оруулах гэж дахин аз, амьдралын турш НӨАТ-ын сугалаа болон бас бус аз дайрна гэж итгэж, хүлээсээр энэ амьдралыг барна гэж юу байх вэ дээ хэмээн бодож үзэхэд гэмгүй!
Харин миний хувьд бол жинхэнэ монгол нэрийг хайсан. Гэхдээ эртний баатруудын нэрийг өгье гэж төдийлөн бодоогүй ч нэлээн эртнээс л тэмдэглээд явсан нь хожмоо хэрэг болдог юм байна лээ. Ном уншиж байхдаа өвөрмөц таалагдсан нэр байвал, зарим нэг ховор нэртэй хүнтэй тааралдвал тэмдэглэж үлддэг байсан юм. Хэрэв та хүсвэл Монголын нууц товчоонд гардаг бүх нэрийг жагсаасан тэмдэглэлийг “гүүгл”-ээс олж, танилцах боломжтой.
Надад бүр нэг удаа хүүхдийн нэр тодоос тод зүүдлэгддэг юм байна. Гэхдээ тэр эмэгтэй хүүхдэд өгөх нэр байсан л даа. Охинтой болбол өгнө гэж бэлгэшээгээд хэнд ч хэлэлгүй хадгалчихсан байгаа.
Нэрийн тухайд богино настай цэцгийн нэр өгөхгүй байх, төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гарагтай холбох, нэр хүнддэх, эцэг эхийн мах бодитой холбож өгөх, цээрлэж өгөх нэр зэрэг шашны олон ойлголт байдаг. Би энэ бүхэнд зөвлөгөө өгөх шашны талын мэдлэгтэй хүн биш тул нарийн хэлж чадахгүй нь.
Харин ээжийнхээ хэлдэг нэгэн яриаг сонирхуулахад, нэгэн айлын Гал, Оч, Дөл гэсэн гурван хүү байж л дээ. Гэтэл Гал гэдэг нэртэй хүү нь зартай сайн яваад Оч, Дөл гэдэг хүүгийнх нь амьдрал огтоос дэвжин дээшилж өгөлгүй энэ амьдралыг баржээ. Сүүлд учрыг мэргэн хүнээс асуувал нэрд нь л хамаг учир байсан гэх.
Харин хууль зүйн талаасаа нэр өгөхөд ямар зохицуулалт мөрдөгддөг вэ?
Хүн бүр өөрийн нэртэй байх нь хувь хүний салшгүй эрх юм. Хүний нэр гэдэг тухайн орны ард түмний уламжлал, зан заншлын дагуу шинэ хүн төрөхөд өгч, олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулан түүнийг бусдаас онцгойлон ялгаж байгаа илэрхийлэл юм. Иргэн нэртэй байхыг хуулиар баталгаажуулж байгаа нь түүнийг эрх зүйн харилцаанд оролцох нэг нөхцөлийг хангаж байгаа хэрэг юм. Иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хүүхэд төрсний дараа эцэг, эх эсхүл эрх бүхий этгээд хүүхдэдээ нэр өгч, хуулийн дагуу тодорхой хугацааны дотор бүртгүүлж, баримт бичиг олгоно. Хүүхдэд нэр өгөх, овог сонгох, хүүхдийн эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэлээр иргэн зохиомол нэр хэрэглэх, нэрээ солих эрхтэй. Энэ тухай Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд “зохиогч нь бүтээлээ өөрийн болон зохиомол нэрээрээ эсхүл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрхтэй” гэж заажээ.
1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад хүүхэд төрмөгцөө нэн даруй бүртгүүлж, нэртэй байх тухай заасан байдаг бол тус пактаас цаг хугацааны өмнө буюу 1926 оны БНМАУ-ын Иргэний хуулийн хоёрдугаар бүлгийн 53 дугаар зүйлд “Аливаа төрөгсдийг дансанд тэмдэглүүлэх тухайн хэргийг төрсөн өдрөөс эхлэн хоёр сарын дотор мэдүүлэн гүйцэтгэвээс зохино” хэмээн зааснаас үзвэл Монголд нэр хайрлах асуудлыг 90 гаруй жилийн тэртээгээс албан ёсоор хуульчилж ирсэн байна.
Манай ард түмэн эртнээс хойч үедээ захихдаа эцэг, эхээс өгсөн нэр төрөө хайрлан хамгаалж явахын чухлыг зүйр цэцэн үг, билэг сургаалаараа сургаж эрхэмлэсээр ирснийг дараах жишээнээс харж болно. “Хүн нэрээ, тогос өдөө”, “Нэрэлхээд нэрээ идэхгүй, хариад гэрээ идэхгүй”, “Нэрээ эвдэхээр гараа эвд”, “Муу нэрийг хусавч арилахгүй, сайн нэрийг хүсэвч олдохгүй”, “Нэрээ барахаар насаа бар”, “Нэрээ залуугаас нь хувцсаа шинээс нь”, “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ”, “Нэр нэгтийн чих нэг”, Сайн хүний нэрийг муу хүн хөөддөг Сайхан сүмийн оройг шаазгай шувуу баастдаг”, “Хүүгийн алдар мандахад эхийн үрчлээ тэнийнэ”, “Нэр үхэхээр бие үх”, “Нэр гутахад толгой гутах”, “Нэрээ алдвал хүндээ гээх”, “Сайн нэр мөнхрөх муу нэр өмхрөх”, “Нэр, үр минь үлдэх хорвоо” зэргээр ардын сургаал үгэндээ товч хэр нь тодорхой гүн утга агуулгаар илэрхийлж ирсэн нь харагдаж байна.
Дэлхийн зарим улсад хүүхдэдээ өгч болохгүй нэрсийн жагсаалтыг баталсан байдаг. Тухайлбал, Европт барааны тэмдэгттэй холбоотой брэнд нэр, түүнтэй ойролцоо утгатай нэрсийг хориглосон бол лалын шашинтай улсад шашных нь эсрэг утгыг агуулсан нэр өгөхгүй байх зэргээр дэлхийн олон оронд тус тусын зохицуулалт байдаг. Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид өгч болохгүй нэрсийн жагсаалт байдаггүй. Харин Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд Монгол Улсын иргэн нэрээ нэг удаа өөрчлөх боломжтой. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь Алтантуяа гэсэн нэрээ өөрчилсөн байх юм. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхийг хориглодог байна.
Төгсгөлд нь хэлэхэд мэдээж нэр хайрлахдаа утга бэлгэдэлтэй байхаас гадна олон талыг харгалзаж шийдэх ёстой гэдгийг хэлэх гэж зорилоо.
Нэг зүйл анхааруулж хэлэхэд цор ганц, ховор нэр өглөө гэж бодоход төрсний гэрчилгээ дээр нь мэдээллийн санд ийм нэр байхгүй гэсэн үндэслэлээр монгол бичгээр бичигдэх боломжгүй байдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Монголын үрс маш олон болох болтугай!
Монгол Улс үүрд цэцэглэн хөгжиж, Монгол хүн бүр эрүүл энх, эрдэм боловсролтой, аз жаргалтай, амьдрах болтугай!