ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛС БА ХӨГНӨ ХАН
Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр ирсэн.
Буддын шашны ойлголтоор Хэнтий Ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө Ханыг “Улаан сахиусны орон” гэж үздэг байна.
Эрт дээр үеэс газар дэлхийг бие цогц болгон “эх газар” хэмээн нэрлэж шүтээн болгож уул хайрханыг тахилгын орон болгон дээд тэнгэрийг “шүтээн эзэн” хэмээн тахин шүтсээр ирсэн нь уулын эзэн лус савдаг, хан тэнгэртээ өргөл даатгалаа өргөж тэр жилийн буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар ирсэн. Буддизм дэлгэрснээс хойш “тэнгэр тайх” бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд таацуулан өөрийн өвөрмөц нийлмэл зан үйлийг бий болгоод “уулын тэнгэр тайх” тайлга нь төр, шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагдан ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ.
Төрийн тахилгат уулсын тоонд орохын тулд ямар шалгуур/шаардлага байдаг вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм.
Ерөнхийлөгч зарлиг гаргасанаар төрийн тахилгат хайрхан болох боломжтой. Одоогоор Монгол улсын хэмжээнд дараах арван хайрханыг төрийн тахилгат хайрханаар бүртгэж тодорхой хугацааны давтамжтайгаар тахиж иржээ. Тухайлбал:
1.Алтай Таван Богд
2. Алтан Хөхий
3. Алтан овоо
4. Богд Хан хайрхан
5. Бурхан Халдун
6. Говь Гурван сайхан
7. Отгонтэнгэр
8. Сутай
9. Суварга
10. Хан-Хөхий гэх зэрэг.
Эдгээр арван хайрхан нь дараах хугацаануудад төрийн их тахилгат хайрханаар баталгаажсан байна. П.Очирбат ерөнхийлөгчийн 1995.05.16-ны өдрийн зарлигаар Богд Хан, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Н.Багабанди ерөнхийлөгчийн 2004.04.23-ны зарлигаар Алтан овоо, 2005.03.30-ны зарлигаар Алтан Хөхий, Н.Энхбаяр ерөнхийлөгчийн 2007.07.26-ны зарлигаар Сутай, Суварга, Хан Хөхий, Ц.Элбэгдоржийн 2012.08.24-ний өдрийн зарлигаар Алтай Таван Богд, Говь Гурван Сайхан уулс нь тус тус төрийн их тахилгат хайрхан болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд одоогоор тахилгат уулсын жагсаалтыг шинэчлэх тухай зарлиг гаргаагүй байна.
Харин хууль, журмаар ийм ийм байна гэсэн тухайлсан шалгууруудыг заагаагүй ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал болгон хуульчилсан байна.
Төрийн их тахилгат уул болохын тулд олон шалгуур үзүүлэлтүүд байх болов уу? Тухайлбал, төр шашны холбогдол, домог түүх, экологийн үзүүлэлт, үр өгөөж зэргийг харгалзан үзэх нь эн тэргүүний зүйл.
Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 110 дугаар зарлигийн үндэслэх хэсэгт Монголчууд эртнээс нааш Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулыг тахиж ирсэн уламжлалыг сэргээн дээрх уулсыг Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт заасныг харгалзан эдүгээ цагийн байдалд нийцүүлэн тайх талаар олон түмнээс гаргаж байгаа санаачилгыг дэмжсүгэй гэсэн байгаа юм. Дээр дурдсаны дагуу Хан Хэнтий, Отгонтэнгэр, Хөгнө Хан энэ гурван хайрхныг “бурхны орон” гэж эртнээс нааш үзсээр, тахисаар ирсэн. Гэвч Хөгнө Хан уул төрийн их тахилгат уулсын жагсаалтын гадна ганцаар үлдсэн хэвээр байгаа нь харамсалтай.
Олон нийтийн санаачлага өрнүүлээд ерөнхийлөгчид өргөн баривал хууль зүйн болоод төр шашны хувьд боломжгүй гэж үзэх үндэслэл алга байна.
Хөгнө Хан уулын тухай
Хөгнө Хан уулын тухайд товч дурдахад Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Архангай аймгийн Хашаат, Өвөрхангай аймгийн Бүрд сумыг дамнан оршдог Хөгнө-Тарнын байгалийн цогцолборт газарт 84390 км.кв талбай эзлэн оршдог. Тахилгын овоо, Сантын овоо, Бага Ханы овоо зэрэг тахилгатай газруудтай хамгийн өндөр цэгийг нь Цэцэрлэг гэх бөгөөд далай түвшнээс дээш 1968.8м өндөртэй. Богд хаант монгол улсын үед төр шашны холбогдолтойгоор тахин шүтэж ирсэн дөрвөн хан уулын нэг. Хөгнө Хан уулын баруун талыг нь эмжээрлэн 80 орчим км үргэлжлэх “Домогт Элсэн Тасархай” оршино.
Төрийн тахилгат уулсын жагсаалтад орсноор ямар давуу талуудтай вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар зарлигаар ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ
ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ЖУРАМ-ыг батласан. Үүнд:
Төрийн тахилгатай уул, овооны тухай түүх домог, тахилгын дэг жаяг, зан заншил, тухайн орон нутгийн байгаль цаг уур, ургамал, амьтан, биологийн төрөл зүйл, экологийн тогтоц зэргийн талаар шинжлэх ухаан-эрдэм шинжилгээний уулзалт-семинар, сургалт, судалгааны арга хэмжээ зохион байгуулж болно. Эдгээр арга хэмжээнд эрдэмтэн судлаачдаас гадна нутгийн ахмад буурал, иргэдийг өргөнөөр татан оролцуулах боломжтой юм.
Хүүхэд, залуучуудыг багаасаа төрж өссөн газар шороо, байгаль дэлхийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр танин мэдэж, хайрлан хамгаалах үзэл санаа, үнэмлэмжээ төлөвшүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн тахилгатай уул, овоог Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын хичээл, судалгааны сэдэв болгож хэвшүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг танин мэдэхүйн болоод ёс заншил, байгаль хамгааллын олон чухал ач холбогдолтой гэж дүгнэж болохоор байна.
Чингэвээс Төрийн тахилгат хайрхан болсноор нутгийн хүү гэх бөх, хүнд гарын этгээд, бизнесмэн хэн дуртай нь ирж тахиад байхгүй нь лавтай юм!!!
Уул ус, газар нутгаа үе дамжин шүтэж, хайрлан хамгаалж ирсэн төрт ёс, нутгийн иргэдийнхээ язгуурын уламжлалыг өртөөлүүлэн “Хөгнө Хан” хайрханыхаа тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг үйлдүүлэх талаар ард иргэд, иргэний нийгэм, орон нутаг, төр засгийн байгууллагууд санал, санаачлагаа гаргахыг энэхүү бичвэрээрээ уриалж байна.